Арьсны бүтэц ба төрөл

Арьсны бүтэц

Арьс нь эпидермис /epidermis – нөхөн сэргээгддэг өнгөн давхрага буюу эвэрлэг давхрага/, дермис /dermis – гүн давхрага буюу урвал явагдаж байдаг жинхэнэ арьс, өөхөн эсэнцэр /subcutaneous tissue - өөхөн давхрага/ гэсэн гурван давхрагаас бүрдэнэ.

Арьс бол эд эс, булчин шөрмөсийг бүрхэж, биеийг гадны хүчин зүйлээс гэмтэл, элдэв нянгаас хамгаалж бидний халуун хүйтнийг тэнцүүлж байдаг. Арьсны өнгө зүс, уян хатан чанараараа хүний эрүүл мэнд гоо сайхныг  тодорхойлж өгдөг. Арьсны гоо сайхан нь дотор эрхтний үйл ажиллагаатай шууд хамааралтай. Хэдий чинээ хүний биед ус их байх нь төдий чинээ био химийн урвал идэвхитэй явагдаж эд эсийн нөхөн төлжилт сайжирч хүний нас уртсахад гол нөлөө үзүүлдэг.

Арьсанд асар олон тооны цусны судас хөлсний болон өөхний булчирхайнууд маш ойрхон оршдог бөгөөд хүн биеэсээ тодорхой хэмжээний ус гадагшлуулж байдаг. Хүний биеийн гадаргуу арьсаараа амьсгалдаг учир нь уушиг бие махбодийг хүчилтөрөгчөөр бүрэн хангаж чаддаггүй байна. Арьсны эд эсийн 70 хувь нь ус юм, чухам энэ өөрийнхөө усны ачаар арьс уян зөөлөн гөлгөр байдаг. Иймд хүмүүс бид юуны өмнө зөв хооллож эрүүл мэндээ сахихын тулд үйл хөдөлгөөн хийж биеийн доторхи хорыг хөлсөөр гадагшлуулж арьсаа цэвэршүүлж байх нь чухал.

Арьсны хэв шинж /төрөл/

Ердийн арьс: Харахад өнгөлөг, нүхжилтгүй, өөрийгөө хамгаалах чадвартай, эрүүл арьс.

Хуурай: Нүхжилт нь үл мэдэгдэм, угаасны дараа таталддаг, үрчлээс үүсэх хандлагатай, сэвхтэмтгий, толигордуу арьс

Тослог: Нүхжилт нь тэлсэн, тосон гялгар үүссэн, заримдаа хар батга гэх мэт үрэвсэл гарсан, зузаан

Холимог: Ихэвчлэн дух, хамар, эрүүгээрээ тослогтсон, нүхжилттэй, батга гарамтгай. Бусад хэсгээрээ хуурайшсан, эсвэл ердийн хэв шинжтэй.

Эмзэг мэдрэмтгий арьс: Гадны таагүй нөлөөнд амархан цочирч улайлт өгдөг, хорсдог, харшимтгай, арьсны зарим хэсгээр хялгасан судас тэлсэн, үрэвссэн

Мөн хүний арьсны нэг том онцлог бол нүдний эргэн тойронд тосний булчирхай байдаггүй бөгөөөд үүнээс улбаалж нүдний үрчлээ, уутанцар амархан үүсч эхэлдэг байна. Тиймээс нүдний арчилгаа тусгайчлан хийгддэг юм. Нүдний арьсыг нүдэнд зориулсан тусгай тосоор өглөө орой бүр тослож тэжээлээр баялаг байлгаснаар та нүдний үрчлээнээс урьдчилан сэргийлж болно

Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг.

Нүүрний арьсыг гадны хүчин зүйлийн нөлөөний цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал юм. Нүүрний арьсыг зөв угаах нь арьсыг гүн цэвэрлэн, булчинг нь чангаруулж, чийрэгжүүлснээр /тэсвэртэй болгож/ бодисын солилцоог сайжруулдаг. Мөн ямар ч нөхцөлд, ямар ч төрлийн арьстай байсан нүүрээ хүйтэн усаар савандаж угаахгүй байхыг зөвлөж байна. Нүүрээ байнга хатуулаг ихтэй хүйтэн усаар савандаж угаах нь арьсыг тослоггүй болгож хуурайшуулдаг. Ялангуяа гадаа цаг агаар хүйтэн, салхитай байх үед ийнхүү угааж гарах нь хор нөлөөтэй.

Хэвийн арьстай бол та өглөө халуун бүлээн усаар хөнгөхөн шавшиж дараа нь цэв хүйтэн усаар /гэхдээ мөстэй биш/ шавш. Тослог арьстай хүмүүст өдөрт нэг удаа ялангуяа орой нүүрээ савантай бүлээн усаар угаахыг зөвлөж байна. Харин тослог арьсыг арчлахдаа тусгайлан өвсний хандтай усыг хэсэглэн хөлдөөж, бэлтгэсэн мөсөөр арчих нь зүйтэй. Гэхдээ энэ онцгой арчилгаа нь унжиж хавагнасан арьсанд илүү тохиромжтой. Харин хуурай арьстай хүмүүс 7 хоногт 1 удаа ингэж угаахад гэмгүй. Бүлээн сүүнд зүсэм цагаан талх дүрж дэвтээгээд дээр нь буцалгасан, тасалгааны хэмтэй ижил бүлээн ус нэмээд угаах жор нь бүх төрлийн арьстай хүмүүст тохирно.

Угааж цэвэрлэсэн нүүрэнд багахан хэмжээний сүүн шингэн, тослог багатай тос түрхээд шингэтэл нь арчилгүй байлгах нь мөн л тустай. Хэвийн болон хуурай арьстай хүмүүс өдөрт хэд хэдэн удаа нүүрээ усаар норгож тос нимгэн түрхэх нь арьсанд тэжээл өгч, залуужуулан, чангаруулж, хуурайшиж сулрахаас сэргийлдэг байна.


Last Updated on Monday, 19 March 2012 16:27